2010-12-01

Аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ...

Mongolia ITF /International Tourism Fair/ - 2010 аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр нээгдэж байна. Аялал жуулчлалын салбарынхан цуглаж, өнгөрсөн улирлын алдаа оноогоо дэнсэлж, ирэх жилдээ амжилттай ажиллахын ерөөл талбин уулзах энэ үзэсгэлэн нь чухамдаа тус салбарын хөгжил, дэвшлийг илэрхийлэх чухал нэгэн үйл ажиллагаа болдог.
Жилээс жилд аялал жуулчлалын болоод бусад үйлчилгээний байгууллагуудын энэ арга хэмжээнд оролцох бэлтгэл, чанар сайжирч тэр хэрээрээ гадаад орнуудад зохиогддог үзэсгэлэнд амжилттай оролцох туршлага болдог гэдэгтэй олон хүн маргахгүй биз.
Анхны үзэсгэлэнгүүдэд тур оператор, жуулчны бааз бүгдээрээ л талбай авч оролцдог байсан, харин сүүлийн жилүүдэд тур операторууд болоод хуучны архаг жуулчны баазууд оролцохоо больж гол төлөв шинэ тутам байгуулагдсан зочид буудал, жуулчны баазууд зонхилон өөрсдийгөө салбарын байгууллагууд, тэр дундаа тур операторуудад танилцуулах чиглэлтэй болсон. Үнэндээ гадны тур операторууд ирж манайхны аялалыг эндээс худалдаж авахгүй болохоор манай тур оператор байгууллагууд талбай авч оролцох шаардлага ч гардаггүй аж. харин хуучны жуулчны баазууд талбай авч оролцохгүй байгааг үнэндээ би нэг их сайн ойлгодоггүй. Энд бас энэхүү үзэсгэлэн жилдээ 2 зохиогддог болоод байгаагаас шалтгаалдаг тухай зарим баазын хүмүүс ярьж байхыг би олонтаа сонссон.
Харин сүүлийн жилүүдэд орон нутгийн төлөөлөгчид ирж, нутаг орноо сурталчилах нь нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Энд төрийн тодорхой бодлого, зохицуулалт ч байдаг л байх, хамгийн гол нь орон нутаг дахь мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар, туршлагыг нэмэгдүүлэх, мэдээ мэдээллээр хангах асуудлыг төрийн болоод төрийн бус байгууллагууд дөмөгхөн хийдэг байхсан.
Манай Аялал жуулчлалын багш, судлаачдын нийгэмлэг энэхүү арга хэмжээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд их, дээд сургуулиуд болоод багш, судлаачдаа сурталчилан таниулах, ном бүтээлийг нь түгээх чиглэл барин ажиллаж байна. Энэ дашрамд сануулахад үзэсгэлэнгийн сүүлийн өдөр буюу 4-нд уламжлалт Tour beer арга хэмжээ маань болно.
За үг олдож үхэр холдох нь... Юутай ч үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд амжил хүсэж байна.
Үзэсгэлэн дээр уулзацгаая.

1 comment: