2010-12-16

Шаргалжуутын халуун рашаан...

Өнгөрсөн намар Хангайн нурууг тойрч, судалгааны ажлаар явах зуур Баянхонгор аймгийн нутаг дахь Шаргалжуутын халуун рашаанаар дайран гарсан юм. Тэнд дарсан хэдэн зургийг орууллаа.

Байгалийн хосгүй тогтоц, гайхалтай өвөрмөц бүтээл шүү. Газрын гүнээс 80 гаруй градусын халуун ус уур савсуулан гарч байх нь үнэхээр содон харагдана. Гэхдээ температур болоод найрлагын хувьд янз бүр, тэр болгон нь хүний биеийн эд эрхтнүүдэд ялгаатай үйлчилдэг гэх...

Халуун рашаан хад чулууг ч нэвтлээд урсана. Ингэж гарч ирэхдээ газрын гүн дэх олон төрлийн чулуулаг, эрдэс бодисыг өөртөө шингээн анагаан тэтгэх шидтэй болдог аж.

Монголчууд олон зуу мянган жилийн тэртээгээс рашаан усны анагаах чадварыг танин мэдэж, амьдрал ахуйдаа хэрэглэдэг байжээ. Эртний Хятадын сурвалж бичгүүдэд Отгонтэнгэрийн болоод бусад рашааныг хэрэглэдэг байсан тухай тэмдэглэгдсэн байдаг гэнэ.

Рашаан усыг хэрэглэхдээ уух, жин тавих, жигнэх, утах, ууранд нь суух, усанд нь биеэр орох гэхчилэн олон аргыг хэрэглэдэг нь өвчний онцлог, өвчтний биеийн эсэргүүцэл, тамир тэнхээ гэхчилэн олон зүйлээс хамаардаг байсан. Анхдугаар богд Занабазар болон Зая гэгээн, Ламын гэгээн зэрэг Монголын нэрт хүмүүс рашаан усыг судалж, ямар өвчний үед хэрхэн хэрэглэх жор горимыг нь бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг.

Газрын гүнээс оргилон гарах ус ийм их хүчтэй даралтаар шахагдан гардаг байх нь... Гоё байгаа биз дээ, боожгойны рашаан гэдэг юм билээ. Тоглоом шоглоом төдий биш шүү, үнэхээр дэргэд нь тийм тайлбар бичиг бий.

За энэ удаадаа нэг иймэрхүү... Дараа үргэлжлүүлэх болно оо.

2010-12-02

Аялал жуулчлалын үзэсгэлэн... МОНГОЛ ТВ БОЛЬ Л ДОООО...

Өнөөдөр аялал жуулчлалын үзэсгэлэнгийн анхны өдөр... ажлын өдөр болохоор тэр үү, ямартай ч үдээс хойно очиход хүн цөөхөн, оролцогч байгууллагууд ч чамлахаар цөөхөн байна лээ. Харин аймаг бүр өөрсдийн аялал жуулчлалын нөөц, боломж бололцоогоо дэлгэн харуулсан нь бусад байгууллагуудад багагүй хэрэг болох байх гэж санагдлаа.
Тэр яахав, сая телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрүүдийг сэлгэн харж байтал Монгол ТВ-ийн мэдээллийг үзээд гайхшаа барлаа. "Элэг хөших" эсхүл "бөгсөө улайлгах" алиныг нь хийхээ ч мэдэхгүй шоконд орсон шүү. Учирлах нь:
  1. Монгол улс аялал жуулчлалын хуульгүй юм байх... Тэгээд одоо аялал жуулчлалын тухай анхны хуультай болох гэж байгаа гэнэ.
  2. Монгол улс бүсчилсэн хөгжлийн хөтөлбөргүй гэнэ ээ бас... Монгол улс 2010 оны эхний 10 сарын байдлаар 260 гаруй сая ам.доллар олоод байгаа бөгөөд бүсчилсэн хөгжлийн хөтөлбөр батлагдвал энэ тоо 5-10 дахин нэмэгдэх боломжтой гэнэ.
  3. Нъю жуулчин компанийн захиралыг Нэргүй гуай байдгийг энэ салбарт ажилладаг бүхэн л мэдмээр дээ... за больё, Нэргүй гуай ажлаа өөр хэн нэгэнд өгсөн байж болох л юм, гэтэл осолдохгүй өөрөө яриад байх шиг байсан... би эндүүрсэн юм болов уу, та бүхэн давталтыг нь үзээд надад хэлээд өгөөрэй
Би аялал жуулчлалын салбарт их олон биш ч багагүй хугацаанд ажилласан, бүгдээрээ намайг танихгүй гэхэд би зарим нэгийг нь мэдэхтэйгээ л гэж боддогсон... эсхүл би буруу бодоод байна уу??? мэдэхгүй ээ... нээрээ таг шоконд оржээ.

2010-12-01

Аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ...

Mongolia ITF /International Tourism Fair/ - 2010 аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр нээгдэж байна. Аялал жуулчлалын салбарынхан цуглаж, өнгөрсөн улирлын алдаа оноогоо дэнсэлж, ирэх жилдээ амжилттай ажиллахын ерөөл талбин уулзах энэ үзэсгэлэн нь чухамдаа тус салбарын хөгжил, дэвшлийг илэрхийлэх чухал нэгэн үйл ажиллагаа болдог.
Жилээс жилд аялал жуулчлалын болоод бусад үйлчилгээний байгууллагуудын энэ арга хэмжээнд оролцох бэлтгэл, чанар сайжирч тэр хэрээрээ гадаад орнуудад зохиогддог үзэсгэлэнд амжилттай оролцох туршлага болдог гэдэгтэй олон хүн маргахгүй биз.
Анхны үзэсгэлэнгүүдэд тур оператор, жуулчны бааз бүгдээрээ л талбай авч оролцдог байсан, харин сүүлийн жилүүдэд тур операторууд болоод хуучны архаг жуулчны баазууд оролцохоо больж гол төлөв шинэ тутам байгуулагдсан зочид буудал, жуулчны баазууд зонхилон өөрсдийгөө салбарын байгууллагууд, тэр дундаа тур операторуудад танилцуулах чиглэлтэй болсон. Үнэндээ гадны тур операторууд ирж манайхны аялалыг эндээс худалдаж авахгүй болохоор манай тур оператор байгууллагууд талбай авч оролцох шаардлага ч гардаггүй аж. харин хуучны жуулчны баазууд талбай авч оролцохгүй байгааг үнэндээ би нэг их сайн ойлгодоггүй. Энд бас энэхүү үзэсгэлэн жилдээ 2 зохиогддог болоод байгаагаас шалтгаалдаг тухай зарим баазын хүмүүс ярьж байхыг би олонтаа сонссон.
Харин сүүлийн жилүүдэд орон нутгийн төлөөлөгчид ирж, нутаг орноо сурталчилах нь нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Энд төрийн тодорхой бодлого, зохицуулалт ч байдаг л байх, хамгийн гол нь орон нутаг дахь мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар, туршлагыг нэмэгдүүлэх, мэдээ мэдээллээр хангах асуудлыг төрийн болоод төрийн бус байгууллагууд дөмөгхөн хийдэг байхсан.
Манай Аялал жуулчлалын багш, судлаачдын нийгэмлэг энэхүү арга хэмжээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд их, дээд сургуулиуд болоод багш, судлаачдаа сурталчилан таниулах, ном бүтээлийг нь түгээх чиглэл барин ажиллаж байна. Энэ дашрамд сануулахад үзэсгэлэнгийн сүүлийн өдөр буюу 4-нд уламжлалт Tour beer арга хэмжээ маань болно.
За үг олдож үхэр холдох нь... Юутай ч үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд амжил хүсэж байна.
Үзэсгэлэн дээр уулзацгаая.

2010-11-29

Блогийн тухай цухасхан бодол хийгээд нүүдэл, суудлын тухай...

Би блог бичихээсээ унших их дуртай, гэхдээ сээгий бас их бичдэггүй ээ, их л удаан уншсан. Тэгээд нэлээн дээр үед блогсот дээр хэд хэдэн блог нээгээд сүүлд нь банжигтаа үнэнч үлдсэн, учир нь банжигаар дамжаад хүмүүст хүрэхэд амар байсан юм, олон ч сайхан найзуудтай болсон.
Харамсалтай нь банжиг маань гацаад одоо бүүр таг болчих шив, гэтэл би блогдмоор байна, хүмүүстэй танилцаж, харилцаж, бас өөрийгөө, хийж байгаа ажлаа хүмүүстэй хэлэлцэж, мэдээллээ хуваалцаж, ... ер нь л жаахан зав гарсан үед зүгээр суумааргүй байна. Тэгээд л энд нэг ийм блог нээлээ.
Гэтэл нэг их бичмээр байсан чинь яг тулахаараа юу бичихээ мэдэхгүй тулгамдаад байна, гэхдээ би зөндөө ихийг бичих болно, голдуу л жуулчлалын тухай, тэгээ ихэнхидээ өөрийн аялсан, тэнэсэн тухайгаа бичих болно.
Сая Фэйсбүүкээр нэг шагайтал манайхан ямар ч лаг юм, би тэгтэл ядаж профайлын зураг ч үгүй суудаг байна шүү, тэгээд зурагнуудаа үзтэл өөрийнхөө зургийг ерөөсөө авдаггүй бололтой, тэгээд өөрийн ганц амьд бурхны зургийг орууллаа. Хэхэ, хүмүүсийн надад юу хэлэхийг би мэдэж байна, тэр боожгой нь биш, хажууд нь зогсож байгаа тэр жаал, нэг ч хором томоотойхон байж тэвчдэггүй, дэггүй, дэлдэн шар бацаан чинь миний бурхан юм шүү дээ. Тэр боожгой чинь Хархорины хажууханд байх "Боов хадны" орчин үеийн хувилбар юм.
За ингэсгээд л явж өгнө дөө...

2010-10-19

Ганц нэг фото.../1/

Өнгөрсөн жил Хөвсгөлд авсан хэдэн зураг... Гайхалтай амралт, аялал байсан. Харамсалтай нь аппаратны дуран дээр 2 цэг үүсчихсэн байсныг анзаараагүй, хожим мэдсэн хэдий ч зургандаа засвар хийхийг бас хүсээгүй. Эдгээр зургуудыг Хөвсгөл нуурын зүүн эргийн Ар давхар гэдэг газар дарсан юм.